2 жил орлого зарлагын тайлан хөтөлсөн туршлагаас
Аливаа зүйлд хэрхэн яаж илүү сайжрах вэ? Хамгийн сайн арга бол өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх байх. Шинжлэх ухааны туршилтаас авахуулаад, томоохон спортын багууд, бизнесийн аналистууд гэх мэт хүний амьдралын бүхий л салбарт өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх гэдэг бол сурч боловсрох, цаашид илүү сайжрах хамгийн сайн аргуудын нэг юм. Өдөр тутмын амьдралд ч тэр хоолныхоо давсыг тааруулахдаа өчигдөр 2 халбага давс шорвог амттай байсан юм чинь өнөөдөр 1 халбагыг хийчихье гэх мэт бид үргэлж өнгөрсөнд тулгуурлан шийдвэр гаргах нь элбэг. Санхүү гэдэг ч мөн л адил өнгөрсөнд тулгуурлан илүү сайн санхүүгийн шийдвэр гаргах процесс гэж хэлмээр байна.
Их сургуульд хувь хүний санхүү гэдэг хичээлийг сонгон судалснаас хойш санхүүгийн боловсролдоо анхаарал хандуулах нь чухал гэдэг сэдэл анх тархинд минь суусан байх. Харамсалтай нь тэр хичээлээс ойлгож авсан ганц зүйл энэ байгаа ч энэ бодлоо бодит болгохын тулд 19 оноос хойш өөрийнхөө мөнгөн урсгалын тайланг хөтлөн ирэх гэж оролдох болсон юм.
Бүгдийг хянан захирах боломжгүй
Мэдээж бүх зарлагаа тухай бүрт нь бүртгэж тэмдэглэж авах гэдэг бол боломжгүй зүйл. Гэсэн ч бага багаар сайжруулсаар бараг л бүгдийг нь бүртгэдэг болохын тулд дадал зуршил чухал ач холбогдолтой гэдгийг ойлгосон.
Хэрвээ зарлага эсвэл орлогоо тооцож чадаагүй бол тооцоогүй гээд нэг ангилал руу нэмээд явах нь миний хувьд хялбар байсан. Тооцож чадаагүй нь харамсалтай ч тооцоогүй тооцоогоо тооцох нь ч бас дүн шинжилгээ хийхэд хэрэг болох эд.
Зуршил аажимдаа бий болж эхэлсэн
Мэдээж эхэндээ дэлгүүрээс юм авах бүртээ тооцно гэвэл гонж байсан. Тиймээс хэд хоног болоод энэ экселээ нэг шагайж сүүлийн хэд хоногт юу юу авснаа бодож бичээд түрүүвчиндээ байгаа хэдэн төгрөгөө тулгаад тооцоогүй гэсэн ангилал руугаа бас үнэхээр санахгүй байгаа худалдан авалтаа нэмчихээд л явдаг байсан юм. Ингээд цаг хугацаа нэг сараар өнгөрөх тусам миний экселээ нээж харах давтамж илүү нэмэгдэ байсан гэж хэлж болно.
Бэлэн хялбар зүйлс байвал ашиглаж цагаа хэмнэ
Ингээд хоёр дахь жилрүүгээ орох гэж байхдаа google sheets дотроос annual budget гэдэг template олсон юм. Ямар ч томьёо энэ тэрд санаа зовохгүйгээр бүртгэлээ хөтөлчихнө. Дараа нь янз бүрийн график үзүүлэлт харж болдог янзын амьтан байсан тул ашиглаж эхэлсэн дээ.
Мэдээж энэ загвар өмнөөс маань орлого зарлагыг маань бүртгэчихдэг бол илүү сайхан байхсан. Удахгүй манай банкны аппликэйшнууд гүйлгээ бүрийг ангилаад оруулчихдаг болно гэдэгт итгэлтэй байна. Эхнээсээ голомт банкны интернет банк тиймэрхүү функцуудыг оруулаад ирсэн ч байна лээ. Хэсэг ашиглаж үзсэн ч зарим гүйлгээнүүдээ өөрөө дур мэдэн ангилалуудруу зөөж оруулах боломжгүй байсан тул одоохондоо энэ эксел дээрээ л тогтож байядаа.
Одоо бараг дэлгүүр гарах болгондоо эксел рүүгээ ордог зуршилтай болсон(2 жил хөтөлсөн учраас зуршил суухгүй хаачдаг юм?) учраас вэб хөтөчийнхөө бүүкмарк дотор ингээд байршуулчихаар их амар байдаг юм. Мэдээж гар утас дээрээ бол google sheets application рүүгээ шууд ороод л бүртгэлээ хийчихнэ шүү дээ.
Дүгнэлт
Дээрх график бол 20-оос 21 оны үзүүлэлтүүд. Сургалтын төлбөрт л хамаг юмаа шавхаждээ хөөрхий. Гэхдээ оюундаа оруулсан хөрөнгө маань зарлагаа давна гэдэгт бүр 1000 хувь итгэлтэй байна. Хэрвээ орлого зарлагаа хөтлөж эхлэх гэж байгаа бол 500 төгрөг ч байсан хөтлөөд л байгаарай гэж зөвлье./Яагаад ч юм найзуудтайгаа кино үзсэн мөнгөө бүртгээд сууж байсан чинь ах инээд алдаад байсан дурсамж санаанд орж ирэв. Гэхдээ зүгээрээ энэ зуршил надад хэрэг болох нь ойлгомжтой. :)/ Энэ график одоохондоо нэг их чухал мэдээлэл агуулахгүй байж болно. Гэхдээ ирээдүйд энэ шиг байнга бүртгэх шаардлагатай өөр зүйл гарч ирэх юм бол ядаж л бэлтгэлтэй байх нь байна шүү дээ.